 

ᠬᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠦᠭᠡᠢ

2016-03-30 19:37
  456
  0
    ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠴᠥᠮ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ ᠬᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠦᠭᠡᠢ 
   (ᠺᠢᠷᠢᠯ ᠥᠰᠥᠭ ᠪᠣᠯᠦᠨ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠥᠰᠥᠭ ᠦᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠬᠦᠷᠪᠠᠭᠦᠯᠬᠦ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ)
  ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠴᠠ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠦᠯᠡᠰᠢ᠂ ᠴᠥᠮ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᠬᠢᠲᠦ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠬᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠥᠰᠥᠯ ᠢ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠨ ᠳᠡᠮᠵᠢᠭᠰᠡᠨ᠃ ᠡᠨᠡ ᠪᠣᠯ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᠬᠢᠲᠦ ᠪᠣᠳᠠᠰ ᠤᠨ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠣᠷᠣᠭᠤᠯᠬᠤ ᠶᠢ ᠪᠦᠷᠢᠮᠦᠰᠦᠨ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠬᠡᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠠᠴᠠ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠪᠦᠷᠢ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠳᠠᠭ 《ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠣ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ》 ᠬᠡᠪᠯᠡᠯ ᠦᠨ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠡᠷ    ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠦᠯᠡᠰᠢ᠂ ᠴᠥᠮ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ ᠢᠳᠡᠪᠬᠢᠲᠦ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠬᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠣᠷᠣᠭᠤᠯᠬᠤ ᠶᠢ ᠬᠤᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠥᠰᠥᠯ ᠳᠦ ᠡᠨᠡ ᠲᠥᠷᠥᠯ ᠦᠨ ᠪᠦᠲᠦᠭᠡᠭᠳᠡᠬᠦᠨ ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᠬᠡᠷ ᠲᠦ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠦᠷᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠤᠯᠠᠰᠢᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠢᠮᠫᠤᠷᠲᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠢᠯᠢ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠲᠡᠭᠡᠭᠡᠪᠦᠷᠢᠯᠡᠬᠦ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠭᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠶᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ᠃ ᠲᠡᠭᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠢᠰᠢ ᠢᠷᠭᠡᠨ ᠦ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠪᠣᠯᠭᠣᠮᠵᠢᠯᠠᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠰᠢᠭ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠡᠭᠦᠰᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠰᠡᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ ᠶᠢ ᠥᠷᠯᠥᠭᠡ᠃ ᠮᠥᠨ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠳᠣᠯᠣᠭ᠎ᠠ ᠬᠣᠨᠣᠭ ᠲᠤ ШӨХТГ ᠰᠢᠲᠠᠬᠤᠨ ᠤ ᠦᠨ᠎ᠡ ᠶᠢ ᠳ᠋ᠠᠬᠢᠨ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠭᠡᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠢ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠠᠴᠠ ᠨᠢᠴᠤᠭᠠᠯ᠎ᠠ᠃ ᠤᠴᠢᠷ ᠨᠢ ᠨᠧᠹᠲ ᠦᠨ ᠬᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠦᠨ᠎ᠡ ᠳᠣᠯᠣᠭ᠎ᠠ ᠬᠣᠨᠣᠭ ᠤᠨ ᠳᠣᠲᠣᠷ᠎ᠠ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢ᠂ ᠳᠣᠭᠣᠭᠰᠢ ᠪᠠᠨ 5-10 ᠬᠤᠪᠢ ᠬᠡᠯᠪᠡᠯᠵᠡᠯᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠭᠡᠲᠡᠯ᠎ᠡ ᠪᠢᠳᠡ ᠦᠨᠢᠶ᠎ᠡ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠪᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠂ ᠡᠩᠬᠦᠯ ᠳᠣᠩᠬᠣᠯ ᠲᠠᠢ ᠵᠠᠮ ᠢᠶᠠᠷ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠠᠮᠤᠷᠲ᠋ᠢᠽᠠᠲ᠋ᠣᠷ ᠰᠠᠶᠢᠲᠠᠢ ᠮᠠᠰᠢᠨ ᠲᠠᠢ ᠶᠠᠪᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠥᠭᠡᠷᠡᠴᠡ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠯ᠎ᠠ᠃ ᠮᠥᠨ ᠡᠨᠡ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ 《ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠣ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ》 ᠍ ᠪᠠᠷ ᠲᠣᠰᠣᠲᠤ᠂ ᠲᠣᠰᠣᠨᠪᠤᠮᠪᠠ ᠶᠢᠨ ᠨᠢᠷᠤᠭᠤᠨ ᠳᠤ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ ᠤᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠰᠤᠳᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠳᠤ ᠠᠪᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠶᠠᠷᠢᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠰᠡᠭ ᠲᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ 16 ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ ᠤᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠢ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠶᠢ ᠨᠢ ᠴᠠᠷᠴᠠᠭᠠᠭᠰᠠᠨ᠃ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠳᠤ ᠠᠪᠬᠤ ᠳᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠲᠥᠰᠥᠪ ᠬᠥᠷᠥᠩᠭᠡ ᠶᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠯᠠᠭᠠᠳ ᠰᠠᠩ ᠤᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠳᠤ ᠬᠦᠷᠭᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃    
ᠲᠡᠭᠦᠨᠴᠢᠯᠡᠨ ᠣᠷᠣᠰ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠷᠣᠰᠣᠭᠧᠣᠯᠣᠭᠢ ᠹᠣᠨᠳ᠋ ᠍ ᠤᠨ ᠪᠦᠬᠦ ᠰᠠᠯᠪᠠᠷ ᠤᠳ ᠲᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠠᠩᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠤ ᠰᠢᠯᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠯ᠎ᠡ᠃ ᠢᠩᠭᠢᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠷ 1960-1990 ᠣᠨ ᠤ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᠬᠡᠷ ᠲᠦ ᠬᠢᠭᠰᠡᠨ ᠭᠧᠣᠯᠣᠭᠢ ᠶᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ ᠠᠵᠢᠯ ᠤᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠢ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠮᠥᠨ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤᠨ ᠰᠠᠩ ᠤᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠠᠷᠪᠢᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠳᠤ ᠬᠥᠷᠦᠩᠭᠡ ᠣᠷᠣᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠬᠢᠨ ᠦᠵᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃    
Монгол Улс цөмийн хог хаягдлыг хилээрээ  нэвтрүүлэхгүй  
Монгол Улсын Засгийн газраас ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Энэ бол Монгол Улсын нутагт цацраг идэвхт бодисын хаягдал оруулахыг бүрмөсөн хориглосон эрхзүйн орчин болно гэдгийг Уул уурхайн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.    
Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа явуулахыг хориглохоор тусгасан. Түүнээс биш иргэний нийгмийн байгууллагуудын болгоомжлоод байгаа шиг нөхцөл үүсэхгүй гэсэн тайлбарыг өглөө.    Мөн өнгөрсөн долоо хоногт ШӨХТГ шатахууны үнийг дахин бууруулах боломжтой гэсэн мэдээлэл хийснийг Уул уурхайн яамнаас няцаалаа. Учир нь нефтийн хилийн үнэ долоо хоногийн дотор дээш, доошоо 5-10 хувь хэлбэлзэлтэй байна. Гэтэл бид үнээ тогтмол барьж байгаа. Өөрөөр хэлбэл, энхэл донхолтой замаар ард түмэн амортизатор сайтай машинтай явж байгаагаас өөрцгүй гэж тайлбарлалаа.   Мөн энэ удаагийн "Ил тод уул уурхай"-гаар Тост, Тосонбумбын нуруунд олгосон хайгуулын зөвшөөрлийг цуцлахаар судалж байгаа болон Улсын тусгай хамгаалалтад авах асуудал яригдаж байна. Тухайн хэсэгт нийт 16 хайгуулын зөвшөөрөл олгосныг бүгдийг нь царцаасан. Улсын тусгай хамгаалалтад авахад шаардлагатай төсөв хөрөнгийг тооцоолоод Сангийн яаманд хүргүүлсэн байна.  Түүнчлэн ОХУ-ын Росгеологи фондын бүх салбаруудад хадгалагдаж байгаа Монгол Улстай холбоотой судалгааны тайлангуудыг Монгол Улсын талд шилжүүлэх болсныг мэдэгдлээ. Ингэснээр 1960-1990 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны ажлын тайлан мэдээлэл тодорхой болно. Мөн эрдэс баялаг ашигт малтмалын сангийн судалгааг арвижуулж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэнэ гэж салбарынхан үзэж байна.



  
     
     