 

      

2012-06-22 14:25
  765
  1
蒙古国英才勒巴图乌力吉是到美国微软公司工作的第一个蒙古人。他毕业于哈佛大学后,应聘到Microsoft工作,十多年后的今天他已经是软件部主任。前段时间 接受采访时他说:希望在蒙古国成立微软分公司。http://url.cn/1QdDa0 
 


  Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд… Шинэ зууны монголчуудыг тодотгох ийм нэгэн үг цаг үеэс урган гарчээ. Хөлс, хүч, хөдөлмөр. Хөх толбот удмын тасарсан мах, үсэрсэн цусны нэгээхэн хэсэг бол бөмбөрцгийн эргэн тойронд монгол генээрээ ийн гайхуулж, омогшиж яваа элэг нэгтнүүд минь билээ. Үнэхээр ч хүн хэмээх бодгаль ертөнцийн тэвчээр, хөдөлмөрийн хэмжүүрийг луужин мэт тодорхойлж яваа хүмүүсийн нэг бол Лувсанбатын Бат-Өлзий юм. Тэр бол жирийн л нэгэн монгол залуу. Харин Монголын оюуны капитал гэдгийг нь далайн чинадад хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Тиймээс ч алдарт Microsoft-ынхон түүнд Visual C++ хэлтсийнхээ ажлыг даатгасан аж.  

-Арван зургаан жил. Хүний настай зүйрлэвэл “А” үсэгт шамдан суралцахаас амьдралын их харгуйд хөл тавихтай дүйцэхүйц цаг хугацаа шүү. Яагаад ч юм бэ таны тухай сонсмогцоо “Америкжсан монгол хүнтэй уулзах нь дээ” гэх төсөөлөл санаанд минь анх буулаа. Та үүнтэй санал нийлж байна уу? 
-Таны төсөөлөлтэй санал нийлж байна. Би АНУ-д нэгэн аравны туршид яг мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа. Үндсэн мэргэжил маань компьютерийн программист. Харин хувь хүнийхээ амьдралд нэгэн шинэ хуудас нээсэн мөч бол 1994 оны зун. Өнгөрсөн хугацаанд өөрөө өөртөө хатуухан шалгуур тавьж, дэлхийн мэдээллийн технологийн гигант компани Microsoft-oor овоглох болсондоо бахархаж явдаг. Та сая намайг “Америкжсан монгол хүн” гэж хэллээ. Зах хязгааргүй өрсөлдөөн дунд монгол тэмүүллээр амьсгалж, америк хэмнэлээр өөрөө өөрийгөө хөгжүүлж байгаа учраас намайг ингэж дүгнэх нь арга ч үгүй байх л даа. 
-Та сэтгүүлчдэд “Би Microsoft компанид хурган дарга хийдэг” хэмээн хошигнож байсан. Удирдлагадаа таван тивийн хүмүүсийг багтаасан ийм “том” хүн тэгж хэлж болно гэж үү? 
-Тийм ээ, тэгж хэлсэн удаа бий. Миний хувьд, дарга уу гэвэл дарга. Гэхдээ анхан шатны дарга шүү дээ. Тиймээс би өөрийгөө хурган дарга гэсэн юм. Хүн ер нь даруухан байх хэрэгтэй. Удирдлагад маань нийт 12 хүн ажилладаг. Таны хэлдэгчлэн тив, тивийн хүмүүстэй хамтран ажиллаж байна. Бүр тодруулбал, манай багт хоёр энэтхэг, гурван америк, долоон хятад, нэг пуарто-рико хүн бий. 
-Microsoft-д хурган даргын алба хашина гэдэг тийм ч амаргүй байх. Багагүй өрсөлдөөнийг туулсан биз? 
-Ер нь амаргүй л дээ. Өрсөлдөөн бол бий. Компанийн маань удирдлагууд ч өрсөлдөөнийг дэмждэг. Гэхдээ зөв өрсөлдөөнийг л дэмжинэ. Би эхний зургаан жилд программистаар ажиллаж байсан. Хэлтсийн дарга болж дэвштэлээ нэлээд зүтгэсэн шүү. Манай компанид цалингаас гадна нэр хүндийн зэрэглэл гэж байдаг юм. Үүнийг ахиулж байж л дарга болно. 
-“Бид ажил дээрээ дуртай үедээ очиж болно. Бусад үед ажлаа гэртээ хийчихэж болдог” гэсэн тань гайхшрал төрүүллээ. Тийм том ертөнцөд ийм зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг сонин юм? 
-Харин тийм. Үнэхээр сонин байгаа биз. Гэхдээ яалт ч үгүй тийм орчныг бүрдүүлж чадсан л байгаа юм. Microsoft-д гэрээний дагуу цагаар ажилладаг хүмүүс бий. Тэдний хувьд цагтаа ирж, цагтаа явах ёстой. Түүнээс биш албан ёсны ажилтнууд нь ажилдаа хэзээ ч ирж болно. Хүмүүсийг долоо хоногт 40 цаг ажилласан байхаар тооцож цалинг нь өгдөг. Ийм нөхцөл байдлыг ашиглаж, ажилтнууд нь ажилдаа ирдэггүй, долоо хоногт 20-30 цаг ажиллах тохиолдол байдаг л байх. Гэвч компанийнхаа 70-80 мянган ажилтныг харахад 90 гаруй хувь нь тийм байдал гаргадаггүй. Тэгээд ч Microsoft компани бол ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг дээд зэргээр хангаж “Та хэдэн ч цагаар ажиллаж болно. Дуртай үедээ ирж, дуртай үедээ харьж болно” гэхээр хүмүүс улам сайн ажилладаг. Үүнийг та өөр дээрээ төсөөлөөд үз дээ. Ажилдаа өглөө ирэхэд хамтран ажиллагсад тань ажиллаж л байдаг, гэртээ ч өдөр, шөнөгүй ажиллаж байвал та “Би энд ирж ажлаа хийхгүй бол болохгүй юм байна” гэж эрхбиш бодно биз дээ. Манай компанид ийм зөв өрсөлдөөн байдаг учраас ажлын цагийг хатуу барих шаардлага гардаггүй. 
-Гэвч тийм хүрээлэлд амьдрал хэрхэн буцалж байдаг бол? 
-Ажиллах орчныг маш сайхан бүрдүүлсэн байдаг. Халуун, хүйтэн агааржуулагч, үнэгүй кофе, ундаанаас эхлээд яривал зөндөө зүйл бий шүү. Амарч тухлан алжаалаа тайлах орноос авахуулаад өрөөндөө хүссэнээ байлгаж болно. Ажилдаа заавал костюм, зангиатай ирэх шаардлагагүй. Билльярд тоглож, кино үзэх боломжтой. Орчныг ингэж бүрдүүлэхээр гэр бүлгүй залуус ажил дээрээ бүхэл өдрийг өнгөрүүлдэг. Ер нь оюуны хөдөлмөрийг дээдэлдэг газарт хүмүүс байж л байвал капитал хуримтлагдаад л байна шүү дээ. Microsoft-ийн зарчим ийм энгийн. 
-Тантай ярилцахаасаа өмнө Microsoft орчныг программистуудын бодлогоширсон царай, нам гүм байдлаар төсөөлж байсан юм сан. Харин та төсөөллийг маань 180 хэм өөрчилчихлөө шүү дээ? 
-Нам гүм гэхээсээ илүү бужигнасан орчинтой гэвэл онох байх. Хэдийгээр компьютерийн ард код бичиж суудаг ч хүмүүстэй ярилцаж, хөгжим сонсч байгаад “За, үүнийг ингэж хийе. Тэр нь болохгүй юм шүү” гэхэд нөгөө хүн нь тоглоом тоглож сууснаа “Үгүй ээ, түүнийг ерөөсөө татаж авъя” гэх мэтээр ажлаа зөвлөлдөж хийвэл илүү үр дүнтэй болдог. Ингэж ярилцсаны эцэст суугаад л бичнэ. Гэхдээ бичихэд долоо хоногт нэг юм уу хоёр цаг л зарцуулдаг юм. 
-Ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудлыг хариуцсан бүхэл бүтэн алба ажилладаг уу. Тэд компьютер хүний биед ямар сөрөг нөлөөтэйг шинжлэх ухааны үүднээс юу гэж тайлбарладаг вэ? 
-Компанийн ажилтнуудад зориулсан лавлах ном бий. Гарын бугуй өвчлөхийн эсрэг зохион бүтээсэн mouse-нуудыг бидэнд өгдөг. Компанийнхан маань нуруу цэх байлгах зориулалттай сандал, аль эсвэл зогсоогоороо ажиллахад тохиромжтой ширээтэй. Хүний эрүүл мэндэд анхаарал халамж тавьж, ахуй хангамжид нь анхаарахдаа үнэхээр сайн шүү.   
-Билл Гейтсийн тогтоосон дүрэм гэж байдаг биз дээ? 
-Дүрэм гэхээсээ илүү зарчим гэж бий. Билл Гейтсийг бид хүндэлдэг. Учир нь тэр хүн бол жирийн нэг сайн дарга биш. Ажлаа мэддэг дарга. Өөрөө мундаг программист шүү дээ. Хувь хүнийхээ хувьд асар их баялгийг бүтээсэн учраас Билл Гейтсийг хүндэтгэхгүй байхын аргагүй. Түүний зарчмыг би амьдралд хэрэгжүүлэхийг хичээдэг. Хүмүүсийг “Энэ ажлыг хоёр долоо хоногийн дотор хийхгүй бол донгодно шүү” гэж айлгалгүйгээр өөрөө хамтдаа ажиллаж, хэдий мэдэж байгаа ч гэсэн тэр хүний нүдэн дээр зориуд алдаа гарган нөгөө эрхмээр алдаагаа олуулж хамтран ажилладаг арга маш үр дүнтэй. Билл Гейтс ийм л зарчмыг мөрдлөг болгодог. 
-Тэр Microsoft-оос явсан нь үнэн үү? 
-Ажлаа бүрмөсөн орхиогүй л дээ. Ерөнхийдөө хагас цагаар ажилладаг. Хийдэг ажил нь юу вэ гэвэл мөнгөө үрээд л явж байгаа. “Мелинда энд Билл Гейтс” хэмээх буяны сангийнхаа үйл ажиллагаанд ихээхэн хөрөнгө зарцуулдаг.  
-Танай компанид америкчууд олонхи уу, аль эсвэл энэтхэгчүүд үү? 
-Америкчууд олон. Энэтхэг, хятадууд, мөн зүүн Европынхон ч их байдаг. Өнөөдрийн байдлаар, Монголоос долоон хүн ажиллаж байна.  
-Дээрх хариултаас аль улсад мэдээллийн технологи өндөр хөгжсөн нь тодорхой харагдана. Эх орондоо 16 жилийн дараа ирээд энэ салбарын хөгжлийн тухайд юу гэж дүгнэв? 
-Миний хувьд, Монголын мэдээллийн технологийн салбартай гүйцэд танилцаж амжаагүй байна. Тийм учраас тодорхойлолт өгөх нь зохимжгүй. Гэхдээ “Сайн байгаа юм байна” гэдэг сэтгэгдэл надад төрсөн. Харин стандарт дутагдаж байгаа юм шиг санагдлаа. Чадварлаг программист олон байгаа ч тэдний оюуны хөдөлмөрийг үнэлэх хөшүүрэг дулимагхан юм болов уу гэж бодож байна. Үүний зэрэгцээ олзуурхууштай зүйлс ч бий. Томоохон компаниуд оюуны хөдөлмөр, мэдээллийн технологийг үнэлдэг болжээ. Үнэ хямд программыг худалдан авахаасаа илүү ямар программ найдвартай, басхүү алийг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд ашигладаг билээ гэдгийг харгалзаж байх шиг байна. Энэ байдлыг хараад би баярласан. 
-Microsoft-ын Америк дахь төвөөс гадна Энэтхэг, Хятад дахь салбарт монгол хүн ажилладаг гэж сонссон. Танд энэ тухай шинэ мэдээлэл байна уу? 
-Хятад дахь салбарт нэгэн монгол залуу гэрээгээр ажилладаг гэж сонссон. Энэтхэгт монгол хүн ажилладаг гэж дуулаагүй юм байна. 
-Yahoo группийн М.Сувдмаатай та бүхэн холбоотой байдаг уу. Томоохон компаниудад ажилладаг мэргэжил нэгт монголчуудаа хэр сайн мэдэх вэ? 
-Энэ их зөв асуулт байна. М.Сувдмаа манай компанид ажиллаж байгаа. Тэрбээр Yahoo-д программистаар ажилладаг байсан юм. Харин Microsoft-д ажиллах болсон нь ямар учиртай вэ гэвэл “Microsoft компани Yahoo-гийн хувьцааг худалдаж авна” гэх мэдээлэл цацагдаж байсан шүү дээ. Гэвч Yahoo-ийнхан зөвшөөрөөгүй учраас зөвхөн нэг хэсгийг нь л эзэмших эрх авсан. Тэрхүү хэсэгт нь М.Сувдмаа ажиллаж байсан учраас манай компанийн албан ёсны ажилтан болсон гэсэн үг. М.Сувдмаа Сан-Францискод амьдарч байгаа. Хааяа төв дээр ирэхээрээ бидэнтэй уулздаг.   
-Монголд аутсорсингийг хөгжүүлэх оролдлого хийж байгаа ч дорвитой ахиц гараагүй. Энд чухам юу дутагдаж байна вэ?  
-Монголд аутсорсинг программ дээр ажиллаж чаддаг хүмүүс байна уу, байна. Чадварлаг программистууд зөндөө бий. Гэхдээ манай улсад ийм программистууд байдгийг гадаадын компаниуд мэддэггүй. Тийм учраас томоохон компаниуд аутсорсингийн төслөө өөрсдийн мэддэг компаниудад өгчихдөг. Үүнийг нь энэтхэг, хятадууд мэдчихээд ийм компани байгуулж, төсөл авмагцаа “Бид ийм программ бүтээсэн. Та бүхэн үнэлнэ үү” гэж үнэ хөлсөө авдаг болсон. Монголд энэ л дутагдаж байгаа юм шиг санагдлаа. 
-Аутсорсинг таны хобби шахам болсон учраас энэ тухай мэдээлэл сайтай байх. Ер нь хэр ашигтай салбар вэ? 
-Ашигтай учраас л гадаадын компаниуд ийм бизнес эрхэлдэг. Америкт оюуны өмч маш өндөр үнэтэй. Microsoft-д томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд чадварлаг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах болдог. Аль эсвэл оюуны хөдөлмөрийг бага үнэлдгээр нь Хятадын мэргэжилтнүүдээр хийлгэнэ. Microsoft шиг том компанид хийх ажил зөндөө. Тиймээс хэцүү биш атлаа цаг их шаарддаг ажлуудаа аутсорсинг компаниудаар хийлгэж, ашиг гэхээсээ илүү чанар нь чухал зүйлсийг компанийнхаа ажилтнуудаар гүйцэтгүүлдэг. 
-“Америкжсан монгол” гэдгээ та хүлээн зөвшөөрсөн. Таны амьдралд жирийн үед америк, монгол амьдралын хэв маягийн аль нь илүү зонхилдог вэ? 
-Би монгол хүн. Энэ өргөн уудам нутагт төрж өссөн. Гэхдээ Америкт олон жил амьдарлаа. Тиймээс өдөр тутмын амьдралын зарим хэмнэл, хэлний тухайд америкжсан байж магадгүй. Гэвч гэр бүл, сэтгэл зүрх минь монгол. Эхнэр, хүүхдүүдтэйгээ монголоор л ярьдаг. Мэдээж хэрэг, эх орныг маань санагдуулдаг олон зүйл гэрт минь бий. 
-Цагаан сарын үеэр ойр дотныхонтойгоо золгож, мөрөө гаргах гэх мэтээр америкчуудыг гайхшруулдаг л байх даа?  
-Сар шинэ эхлэхээс хоёр, гурван хоногийн өмнө би ээж рүүгээ утасдаж, аль зүгт мөрөө гаргахаа асуудаг. Америкчууд үүнийг мэдэхгүй тул биднийг гэрээсээ гараад явж байна л гэж боддог байх. Тийм учраас нэг их гайхдаггүй.
-Зарим хүн “Гадаадад ажиллаж, амьдарна гэдэг цаг хугацаа их алдахын нэр” гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү? 
-Үнэний ортой үг байх. Гэвч ямар хүн хэзээ хэдэн настайдаа хилийн чинадыг зорьж байгаагаас шалтгаална. Гуч гарсан хүмүүсийн хувьд асуудал бүрхэг. Харин дунд сургуулиа төгсөөд явж байгаа залууст алдах юм байхгүй. Хамгийн гол нь хүний газарт элдэв бэрхшээлтэй тулгарч, хөдөлмөрлөснийхөө үр дүнд мөнгөтэй болно гэдэг бол өөр хэрэг. Ер нь зорьсондоо хүрэх эсэх нь хувь хүний хичээл зүтгэлээс хамаарна шүү дээ. Гадаадад ажиллаж, амьдрахад өдөр бүр шинэ сонголт хийх шаардлага гардаг. Өндөр төлбөртэй сургуульд сурч, яаж мөнгөтэй болох вэ гэдэг дээрээ тулахад “хар” ажил хийх үе ч байна. Гэхдээ өөрөө өөрийгөө зөв авч явбал ямар ч бэрхшээлийг давах нь ойлгомжтой. 
-Гадаадынхан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буумагцаа Монголын хөгжлийг замаар нь хэмждэг гэдэг. Шилжилтийн үе эхэлсний дараахан харь орныг зорьсон танд ямар өөрчлөлт ажиглагдав? 
-Зөвхөн Монголд гэлтгүй аль ч улсын иргэн ямар ч улсад очсон онгоцны буудлаас нь тухайн орны хөгжлийг дүгнэж эхэлдэг. Эх орноо шилжилтийн үеийнхтэй харьцуулахад олон өөрчлөлт гарчээ. Муугаасаа сайн нь их байна. Хүмүүсийн ухамсар, үйлчилгээний соёл дээшилсэн нь мэдрэгдлээ. Мөнгөтэй бөгөөд цаг завтай бол хэрэгцээтэй бүхэн цөм байна. Агаарын бохирдол, зам, автомашины түгжрэл, хэн нэгэн нь дуртай газартаа байшин барьсан гэх мэт асуудлууд ч нүдэнд ил харагдаж байна.   
-Та гадаад руу томилолтоор хэр их явдаг вэ. Microsoft компани хүмүүсийнхээ туршлага, мэдлэгийг дээшлүүлэхийн тулд технологи өндөр хөгжсөн орнууд руу илгээдэг үү? 
-Томилолтоор бараг явуулдаггүй. Үүний оронд гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчран дотооддоо сургалт зохион байгуулдаг. Миний хувьд, компанийн зарим ажил, программынхаа PR-ийг хийх гэж Өмнөд Солонгост олон удаа очсон. 
-Америк улс мэдээллийн технологийн компаниудаа төрийн бодлогоор хэр дэмждэг вэ? 
-Маш сайн дэмждэг. Dell, HP, IBM, Apple зэрэг компани “Гадаадаас өндөр мэргэжилтэн авчирч ажиллуулмаар байна. Тэдэнд ажиллах эрх, ногоон карт өгнө үү” гэх мэт хүсэлтийг төрдөө л тавина шүү дээ. Төр нь ч энэ асуудлыг харж үздэг. “Өө, энэ их том компани. Улсынхаа эдийн засагт тийм хэмжээний хөрөнгө оруулдаг учраас дэмжинэ” гэдэг нь тодорхой.  
-Цалинг тань сонирхохоос илүү баялаг бүтээж чадсан уу гэж асуумаар байна?
-Чадсан гэж хэлж чадахгүй. Би одоо 36 настай. Ер, зуу насална гэж тооцвол амьдралынхаа тэн хагасыг ч өнгөрүүлээгүй байна. Би төдий насалтлаа зүтгэх л болно. Миний хувьд, бодож төлөвлөсөн зүйл зөндөө бий. 
-Гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс “Эх орондоо хэзээ нэгэн цагт эргэж ирнэ” гэдэг. Таны хувьд? 
-Эх орондоо бүрмөсөн ирэх нь миний хийж буй ажлаас шалтгаална. Нууц задлахад, бид Micrоsoft-ын салбарыг Монголд байгуулахаар хөөцөлдөж байгаа. Ямар ч байсан нэг хүнийг сонгосон. Тэрбээр ажлаа сайн хийж, Монголоос Microsoft-д орж ирэх орлого сайн байх юм бол манай компани салбар нээх ажлаа эхэлнэ. Тэр цагт л би Монголдоо бүрмөсөн ирж суурьших уу гэдгээ шийдэх юм. 
-Ер нь та нарт чөлөөт цаг хэр их гардаг вэ. Өдөрт хэчнээн цаг ажилладаг бол? 
-Өглөө 9-өөс орой 19 цаг хүртэл ажилладаг. Цаг зав бол гайгүй. Ялангуяа хагас, бүтэн сайнд чөлөөт цаг их гардаг.  


Б.ТÝÐÃÝË 


INFO.mn     



  
     
     